Агаарын бохирдлоос амьсгалын замын өвчлөл ихсэж байна
Манай улс өчигдрийг уушгины архаг бөглөрөлт өвчинтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэсээр иржээ. Бид уушгины чиглэлээр олон жил ажиллаж байгаа “Зулзаган цагаан” эмнэлэг, сувиллын зөвлөх, гавъяат эмч, клиникийн профессор Д.Мянгаатай ярилцлаа. -Нийслэлчүүдийн хувьд уушги хамгийн асуудалтай эрхтэн болчихлоо. Энэ талаар ярилцлагаа эхэлье? -Зөвхөн манай улсад биш дэлхий дахинд уушгины өвчлөл ихэссэн. Ханиад, томуу тусахад л уушги гэмтдэг. Агаарын бохирдолтой холбоотойгоор бага насны хүүхдүүдийн дунд өвчлөл их байгаа нь сэтгэл зовоож байна. Уушги гэдэг хүчилтөрөгчийг тараах эрхтэн. Гэтэл хангамж нь бага болчихоор бүх эрхтэн хүчилтөрөгчөөр дутна гэсэн үг. Сүүлийн жилүүдэд 1-5 насны хүүхэд хамгийн их нэрвэгдэж байна. Өндөр хөгжилтэй орнуудад сүрьеэ, уушгины өвчлөл судлалын нэгдсэн эмнэлэг ажилладаг бол манайд байдаггүй. Хүүхдийн уушгины системийн тогтолцоо бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг. Гэтэл тийм үед нь гэмтээчихээр цаашлаад уушигны олон өвчлөл хүлээж байдаг. Тиймээс энэ асуудлыг бодлогын хэмжээнд шийдэх ёстой юм. -Улаанбаатарт эрүүл уушгитай хүн байхгүй гэсэн яриа байдаг? -Ийм утаатай орчинд цоо эрүүл уушгитай хүн яаж байх вэ. Ямар нэг зовиур шаналгаагүй ч гэсэн уушгины өвчлөлтэй байдаг. Дийлэнх нь гуурсан хоолойн бөглөрөх өвчин буюу бронхиттой. -Өөрсдийгөө болон хүүхдүүдээ агаарын бохирдлоос яаж хамгаалах вэ. Уушгиа өвчлүүлэхгүйн тулд ямар нэг байдлаар тэтгэх, арчлах арга байна уу? -Танай хүүхэд эрүүл байлаа ч агаарын бохирдол, тамхины утаанд уушги нь өвчлөлтэй болсон байгаа. Цоо эрүүл уушгитай хүүхэд байхгүй. Тэдэн хүн тийм өвчлөлтэй гээд хэлэх гэхээр нэгдсэн дүн бүртгэл манай улсад алга. Хүн болгон ямар нэг хэмжээгээр ханиалгадаг болсон. Уушгинд эрүүл агаар хамгийн чухал. Хотын төвд ажилладаг байсан ч өглөө, оройдоо агаар гайг үй үед нь 20 минут гарч байх хэрэгтэй. Ер нь хүний уушги цэвэр агаараар нэг цаг амьсгалахад цэвэршдэг. Уушгины өвчлөлөөр нас баралтын 40 хувийг хатгаа эзэлдэг. Хатгаа, сүрьеэ өвчин хорин жилийн өмнөхөөс их өөр болсон. Монголд ийм өвчний тасаг хоёр, гуравхан бий. Уг нь бид хүн дэрсэн үед нь хөрөнгө гаргаж эмчлэхээс илүү урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулмаар байх юм. -Бид хүүхдээ ханиад хүрэнгүүт олон төрлийн эм уулгадаг. Эмч нар ч элдэв төрлийн антебиотик, сироп бичдэг болсон. Ийм аргаар эмчлэх хэр оновчтой вэ? -Нэг эмчид үзүүлэхэд антебиотек бичээд өгчихд өг. Нөгөөх нь зарим тохиолдолд сохроор үйлчилж халууныг нь бууруулдаг. Хэрэв үйлчлэхгүй бол эмийг нь солих жишээтэй. Уушгины өвчлөлд мэргэжлийн эмч л тусламж үзүүлэх ёстой. Гэтэл манайд эмч биш эмийн сан эмчилдэг болчихоод байна. Улаанбаатарт 130 эмийн сан бий. Цэр ховхлох эм гэхэд олон үйлчилгээтэй байдаг. Эхлээд шингэлж, дараа нь гадагшлуулах ёстой юм. Гэтэл шууд л гадагшлуулдаг эмийг нь бичээд өгчихөж болохгүй биз дээ. Тэгэхээр уушгины мэргэжлийн, сайн эмчид үзүүлэх хэрэгтэй. -Ханиалгаад байгаа хүүхдийг эмчид үзүүлэхээр бронхиттой байна гэдэг. Эмч нь ч тэр, өвчтөн ч тэр үүнийг нэг их тоодоггүй. Бронхит төгс эмчлэгддэг болов уу? -Энэ их чухал асуулт байна. Тамхины бронхиттой гэсэн гээд л үл тоомсорлоод явдаг шүү дээ бид. Сүрьеэ бол аюултай өвчин. Түүнийг эрт илрүүлж эмчилбэл эдгэрдэг. Уушгинд ч гэмтэл бага. Харин бронхит наашаа биш цаашаа явдаг өвчин. Уушгины гуурсан хоолойн бүх давхаргыг гэмтээдэг. Тэр нь цаашаа даамжирдаг. Эцэст нь зүрхэнд нөлөөлж, агаарын солилцоо явагдахаа больж нас бардаг. Ер нь амар өвчин биш шүү. Зарим эмч “Өө, яахав бронхиттой байна. Цэр ховхлох эм уугаарай” гээд антебиотек бичиж өгдөг. Үүнээс болж энэ өвчин ихсээд байгаа юм. Уушгины өвчнөөр нарийн мэргэжлийн төвтэй болох юмсан гэдгийн учир энэ. Бронхитын үед хэсэг ханиалгаж байгаад гайгүй болчихдог. Дараа нь дахиад ханиалгаад байна гэдэг нь гуурсан хоолойн давхаргаа гэмтээгээд байна гэсэн үг. Нэгэнт сэдэрсэн бронхитыг цааш нь дамжуулахгүйн тулд эмчилгээ хийдэг. Тэрнээс гэмтсэн давхаргыг бүрэн эдгээнэ гэж байдаггүй. Эмчлэхгүй удсанаас уушгины бөглөрөлт үүсдэг. Тиймээс бронхитыг хөнгөн гэж огт бодож болохг үй. Эмч ч хөнгөн гэсэн онош тавьж болохгүй. Энэ өвчин уушгины бүхий л салбарыг, өөрөөр хэлбэл модны бүх мөчрийг гэмтээж байна гэсэн үг.
Бичлэг